УИХ-ын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хуулийн төсөл өргөн барилаа

2026-05-06 14:001min
20260506-140041-file.jpeg
УИХ-ын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор санал болголоо.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлэв.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой юм.

Төсөл санаачлагчийн танилцуулснаар, парламент болон улс төрийн намын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох шаардлага нэмэгдсэн тул Үндсэн хуульд нийцүүлэн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох нөхцөлийг тодорхойлох шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлд Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөгчөөр сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргах эрхийг тусгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхой болгохоор зохицуулжээ.

Төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэсэн заалтыг нэмэхээр тусгасан байна.

Төслийн 2 дугаар зүйлд 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хуулийн Цэц тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрсөн заалтад “Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан” гэсэн өгүүлбэрийг нэмэхээр зохицуулжээ.

Мөн хуулийн төсөлтэй хамт Улс төрийн намын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан байна.

Төсөл батлагдсанаар нийгэм, улс төр, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд парламентад иргэдийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.