Баянгол дүүрэгт 10 га газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж байгаа бөгөөд үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар, 10 орчим нь зөвшөөрөлгүй газар байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр тухайн байршилд ажиллаж, газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлэхийг мэдэгдэв.
Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм.
Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна.
Энэхүү өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг гэж Х.Нямбаатар онцлов.
Мөн тухайн орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр дурдав.
