“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж жил бүрийн 5, 9 дүгээр сард мод тарих өдөр зарлав

2026-05-06 10:001min
20260506-100038-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Тэрбум мод” хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бүх бямба, ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарлажээ. 2026 онд аяныг орон даяар өргөжүүлэн зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бүх бямба, ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байна. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээг “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг уриан дор зохион байгуулж байсан бол энэ жил илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

2026 онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар мод тарих аян эхэлжээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байна.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа:
– Баянзүрх дүүрэг – Жуковын талбай
– Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай
– Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн
– Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай

Мод тарих нэгдсэн байршлууд:
– Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
– Баянгол цэцэрлэгт хүрээлэн
– Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
– Хоймор хайрхан мод тарих цэг
– Богд хаан уул мод тарих цэг
– Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад байршилд мод тарих боломжтой.

Мод тарих нь тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад чухал үүрэгтэй юм. Иргэдийг байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага, хамт олон, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.