ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 онд 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг бөгөөд дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна.
2024 онд Улаанбаатар хот дотоодын зах зээлд анх удаа бонд арилжаалж, 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулж, эрчим хүчний өсөлтийг нөхсөн.
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станц баригдах бөгөөд энэ нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдах юм. Дэд бүтэц бэлэн байгаа нь төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх давуу тал болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих уг төслийн төрийн түншлэгч нь нийслэл, хувийн хэвшлийн түншлэгч нь “Митайм Интернэйшнл” компани юм. “ДЦС-5” төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах бөгөөд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг бүсүүдийн хөгжлийг дэмжих дэд бүтэц бий болно.
Технологийн хувьд орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.
Бүтээн байгуулалтын үе шатанд 3000 хүртэл, ашиглалтын үед 500 гаруй ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
