Нэгдүгээр хорооллын арын замын геометр төлөвлөлтийн талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв

2026-05-05 11:001min
20260505-110026-file.jpeg
Нэгдүгээр хорооллын арын зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл бөгөөд явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн шийдэлтэй юм. Нийслэлийн Замын Хөгжлийн Газар барилгын ажлын явцыг хянаж байна.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр, Нэгдүгээр хорооллын арын зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулсан байна.

Төслийн зураг төсөлд явган хүний гарцын хэсэгт аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан.

Иргэдийн “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн урсгалыг гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг анхааралтай, хурдаа бууруулж зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Дунд тусгаарлах арал нь явган зорчигчдод замыг хоёр үе шаттайгаар гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, мөн хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүрэгтэй юм.

Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй бөгөөд барилгын ажлын дараагийн үе шатанд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болох юм.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар нь захиалагчийн хяналтын чиг үүргийн хүрээнд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж байна.