Азийн элсний VI наадамд Монголын бөхчүүд хоёр медаль хүртэв

Азийн элсний спортын VI наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид хоёр медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг финалд шалгарсан бөгөөд Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын багийн анхны мөнгөн медалийг хүртэв. Тэрбээр чөлөөт бөхийн U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл, U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Малик Прияад 3:2-оор ялагдсан юм. З.Болортунгалаг Тайвань, Солонгос, Хятад, Казахстаны тамирчдыг дараалан ялснаар финалд шалгарсан байна.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Төрболд хэсгийн эхний хоёр барилдаандаа Камбож, Солонгосын бөхчүүдийг ялж, хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын бөхийг ялсан байна. Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
