Улсын бүртгэлийн ажилтан авлигын хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээв

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлэж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Тухайлбал, улсын бүртгэлийн ажилтан Б.М нь …дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэн, цагдаагийн байгууллагаас шалгаж буй олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг хууль зөрчин гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Б.М, З.А нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутай гэж үзэн, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.
Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэгт буруутай гэж тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарласан байна.
Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэгт буруутай гэж үзэн, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сарын хорих ял оноосон байна.
