“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ

2026-04-30 10:001min
20260430-100046-file.jpeg
Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа өвлөх нөхцөл бүрдэж, иргэдийн өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийг хөгжүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өвлөлтийн талаар Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тогтоолын дагуу 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д бүртгэлтэй, хувьцаа эзэмшиж байсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдэнэ.

Тус тогтоол нь мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 он хүртэл нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах үндсэн нөхцөл болно. Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийг хөгжүүлж, туршилт тохируулгын ажлыг хийж бэлэн болгосон байна.

Оролцогч байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, иргэдэд хувьцаа болон ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч сурталчлах бэлтгэлийг хангах зорилгоор уг тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр тогтоосон.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 73.50 хувийг төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна. Үндэсний 488 аж ахуйн нэгж 0.06 хувийг эзэмшиж, 3,408,021 иргэн нийт хувьцааны 26.44 хувийг эзэмшдэг байна.