С.Наранцогт: Гадаадын банк орж ирсэнээр Монголын эдийн засагт сөрөг нөлөө гарахгүй

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт эдийн засгийн сүүлийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр гадаадын банк байгуулах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж, Банкны тухай хуулийн шинэчилсэн төсөлд иргэдээс санал авч байгааг онцлов.
С.Наранцогт хэлэхдээ, банкны салбарыг либералчлах нь зөвхөн үнэ чөлөөлөх биш, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж тэмдэглэв. Гадаадын банкууд Монголд цөөн байгаа нь салбарын өндөр зохицуулалт, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагтай холбоотой гэв. Мөн банк, газрын тос, эрчим хүчний салбаруудыг либералчлаагүй нь хөгжлийн саад болж байгааг дурдав.
Тэрбээр гаднын банк орж ирсэнээр Монгол улс сүйрэхгүй, тусгаар тогтнолоо алдахгүй гэдгийг онцолсон юм. Зарим хүн гаднын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй гэж үздэг талаар асуухад эхлээд банкууд орж ирж, үйл ажиллагаагаа явуулсны дараа үр нөлөөг нь хэлэлцэх нь зүйтэй гэж хариуллаа.
Түүнчлэн дэлхийн эдийн засагт нөлөөлж буй Ормузын хоолойн хямралын талаар дэлхий нийт таамаглаж чадахгүй байхад зарим иргэд нийгмийн сүлжээнд хэтэрхий итгэлтэй байр суурь илэрхийлж байгааг дурдсан.
Сүүлийн жилүүдэд Монголын банкууд гаднаас жилд дунджаар 800 орчим сая ам.долларын эх үүсвэр татаж байгаа бөгөөд дотоодын хуримтлал бага байгаа нь үүнд нөлөөлж байна. Гадаадын банкууд энэ хөрөнгө оруулалтыг зардалгүй буюу эх үүсвэрийн зардалгүй хийх боломжтой гэж тайлбарлав.
