Жолоодох эрх хасагдсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрүүгийн хэрэгт тооцогдоно

2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван гэмт хэргийг илрүүлжээ.
Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, жолоодох эрхээ хасуулсан хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундааны байдлаа шалгуулахаас зайлсхийсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2,700 нэгжээс 14,000 нэгж хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
