Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, их сургуулиудын тоог 20 болгоно

2026-04-27 20:001min
20260427-200030-file.jpeg
Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын тогтолцоог шинэчлэх "Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, их сургуулиудыг 20 болгох төлөвлөгөөтэй байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” хөтөлбөрийн хүрээнд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн гурван сургууль байгааг онцолж, эдгээр сургуульд элсэхийн тулд 3000 хүүхэд шалгалт өгдөг ч зөвхөн 200 нь элсэж, бусад нь сайн сургуульд суралцах боломжгүй үлдэж байгааг дурдав.

Иймд Кембрижийн сургалттай сургуулиудыг олон болгож, их сургуулиудын харьяанд оруулах төлөвлөгөөтэй байгааг хэлэв. Эхний ээлжинд таван бүсэд байгуулах бөгөөд дараа нь хөдөө орон нутагт өргөжүүлэх юм. Мөн сумын сургуулиудыг 12 жилийн бус, 9 жилийн тогтолцоотой болгож, сум дундын ахлах сургуулиудыг байгуулахаар төлөвлөж байна.

Сурагчдын гэрийн даалгавар хийх хугацааг тодорхой болгож, сурах бичгийг интерактив хэлбэрт шилжүүлэн, хүнд цүнх үүрэх шаардлагагүй болгох зорилготой. Цахим шилжилтийг дэмжихийн тулд нэг компьютер дээр 11 хүүхэд суух байдлыг өөрчилж, хоёр хүүхэд нэг компьютер ашиглах зохион байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Их сургуулиудын тоог цөөлж, чанартай 20 их сургууль байлгах бөгөөд бусад нь коллежийн статустай байх шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэхүү шинэчлэл нь боловсролын тогтолцоог сайжруулахад чиглэсэн юм.