Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн түншлэлийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхээр тохиролцлоо.
Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг 18 салбарт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал гаргахаар болов.
Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх юм. Мөн Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцсон байна.
Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрутыг бий болгох зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулна. Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Хоёр тал ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоосон байна.
Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна. Монгол оюутнуудыг Казахстаны их, дээд сургуульд суралцахыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал тавьжээ.
Түүх, соёлын өвийг судлах, хамтарсан судалгаа хийх, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам” зэрэг арга хэмжээнд оролцохыг үргэлжлүүлнэ. Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын гэрээ, хэлцэл байгуулсан байна.
Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Монголын сайхан орон” тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа. 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хуралд Казахстаныг оролцохыг уриалсан байна.
“Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санаачилгыг дэмжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Ерөнхийлөгч экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, улсын байр суурийг илэрхийлсэн.
Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангах дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулахыг төлөвлөж байна. Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн.
НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл илэрхийлжээ.
