Монголын жүдо бөхийн баг Душанбегийн Их дуулгад 21 жүдочоор оролцоно

2026-04-24 16:531min
20260424-165356-file.jpeg
Тажикстаны Душанбе хотод болох олон улсын жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монгол Улсаас 21 жүдоч оролцохоор бүртгүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 10, эмэгтэй 11 жүдоч багтсан байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикстаны Душанбе хотод үргэлжилж байна.

Ирэх сарын 1-нд эхлэх Душанбегийн “Их дуулгад” 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч тэмцээнд оролцохоор Тажикстаныг зорих гэж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Б.Ганхайч, Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар багтжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, Г.Батсугар, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш анх удаа тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн жил Душанбегийн “Их дуулга”-д түрүүлж байжээ.

Мөн олон улсын хэмжээний мастер Ж.Анударь алт, Б.Эрдэнэбаяр мөнгө, Э.Ариунболд, Д.Номинзул нар хүрэл медаль хүртэж, Монголын баг дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.