Монголын төмөр зам ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай босголоо

2026-04-20 20:301min
20260420-203021-file.jpeg
Монголын төмөр зам ТӨХК анх удаа өөрийн хөрөнгөөр батлан даан 300 тэрбум төгрөгийн бонд босгож, Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах юм.

Монголын төмөр зам ТӨХК анх удаа өөрийн хөрөнгөөр батлан даан дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай босголоо. Арилжааны андеррайтераар Тэнгэр Капитал үнэт цаасны компани ажилласан байна.

Энэхүү бонд нь жилийн 17 хувийн хүүтэй бөгөөд уг эх үүсвэрийг Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулах юм. Цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж, бондоор босгосон хөрөнгийг буцаан төлөхөөр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар, Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төсөл 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг холбогдох албаныхан онцолсон.

Тус төмөр замын төсөл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийслэл хотыг олон улсын шинэ нисэх буудалтай холбох стратегийн чухал дэд бүтцийн шийдэлд тооцогдож байна.