“Ногоон автобусны” хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж байна

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Ногоон автобусны” хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 20-нд хэлэлцэж байна. Хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүнд УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтжээ.
Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн” гэмт хэргүүдэд холбогдсон байна.
Мөн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон байна.
Авлигатай тэмцэх газраас мэдээлснээр, хэргийг шалгах явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулсан гэж мэдээлжээ.
