Дулааны IV цахилгаан станцад 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай хамт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг хангадаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн хүчин чадал, цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулжээ.
Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлж, бодит хэмнэлт гаргасан байна. Мөн дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлснөөр үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулсан аж.
Нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр борлуулдаг бол нэг гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олсон бол дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулааныг үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр нийлүүлэх шаардлагын улмаас нийт 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон байна. Хэрэв байдал хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарчээ.
Тус станц өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй бөгөөд төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд гаргасан байна. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай байгаа бөгөөд өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэн засвар шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний шинэчлэл Засгийн газрын анхааралтай авч хэрэгжүүлж буй гол асуудлуудын нэг бөгөөд салбар эдийн засгийн эргэлтэд орж, зөв бүтэцтэй ажилласнаар төрийн татаасгүй, өр төлбөргүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх, засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барих, үнэ тарифыг иргэдэд дарамтгүйгээр үе шаттай шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг онцлов.
Мөн өвлийн бэлэн байдалд шууд нөлөөлөх асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, Хөгжлийн банкны зээлийн төлөлтийг хойшлуулах, 5.5 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээний санхүүжилт, 550 тонн/цаг уур үйлдвэрлэх нэмэлт зуух барихад шаардлагатай 90.5 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг дурдав.
Ерөнхий сайд өвлийн бэлтгэлийг цаг алдалгүй хангахыг үүрэг болгож, засвар үйлчилгээг хавар, зундаа амжуулахгүй бол эрсдэл үүсэхийг анхааруулсан байна. Төрөөс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулахын тулд шаардлагатай татаасыг гаргана гэдгээ мэдэгдэв.
2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгох замаар 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллуулах зорилт тавьж байна. Мөн шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжихээр төлөвлөжээ.
Эрчим хүчний үнийг иргэдэд дарамт үүсгэхгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайд хариуцлагатай ажиллаж буй ажилтнуудад талархал илэрхийлж, Засгийн газар дэмжихээ мэдэгдэв. Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарыг хүнд суртал, хаалттай байдал, өр төлбөр, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллаж байгаагаа илэрхийлэв.
