Нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг хууль бусаар олгосон зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа.
Иргэн “А”-гийн мэдээллээр нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа асуудлыг шалгахад, нас барсан иргэний бүртгэлийн мэдээлэл тухайн үед нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгддэггүй, улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын цахим мэдээллийн солилцоо хангалтгүй байгаагаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн байна.
Мөн нас барагчийн бүртгэл мэдээллийг шинэчлэх хэм хэмжээний акт батлагдаагүй, мөрдөгдөөгүй нь тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдох нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд үүний улмаас нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчдын тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар үзэхэд, нийт 721 хүний нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон нь тогтоогджээ.
Үүнээс 380 хүнтэй холбоотой 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт гаргаж, 233 хүнд холбогдох 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлүүлсэн байна.
Одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулах ажил үргэлжилж байна.
