Баянгол дүүрэгт мөнгөн ус хадгалж байсан гэмт хэргийг илрүүлжээ

2026-04-17 07:001min
20260417-070020-file.jpeg
Экологийн цагдаагийн алба Баянгол дүүрэгт хүний эрүүл мэндэд хортой мөнгөн усыг худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлж, 9.2 кг мөнгөн усыг хураан авсан талаар мэдээллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын нэг гэж үздэг мөнгөн усыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Экологийн цагдаагийн алба энэ сард илрүүлжээ.

Эд мөрийн баримтаар 9.2 килограмм мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задралгүйгээр хадгалагддаг бөгөөд хэлбэрээ өөрчилж хорт чанар нь өөрчлөгддөг онцгой хортой бодис юм.

Энэ бодис хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээдэг. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон нярай хүүхдийг хордуулж, хараа, сонсголын бэрхшээл, оюун ухааны хомсдол, саажилт үүсгэдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хориглосон, хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралтын 6 дугаарт багтаасан.

Монгол Улс мөн “Минамата” конвенцид 2015 онд нэгдэн орж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, худалдан борлуулах зэрэг үйлдэлд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэх заалттай.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу иргэд экологийн гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриалж байна.