Монгол Улсын төрийн байгууллагууд IT программ хөгжүүлэлтээс татгалзаж хувийн хэвшлийг дэмжинэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэгийн мэдээлснээр, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга салбар бүрт эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлээс олгож буй 146 төрлийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр мэдэгдэж эхлэх тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр фитнесс, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнес эрхлэх хүсэлтэй иргэд E-Business сайтаар хүсэлтээ гаргаж, төрөөс шаардлагатай мэдээллийг хувийн хаяг руугаа авах боломжтой болно. Төрийн байгууллагууд иргэдэд шууд үйлчилдэг болох юм.
Мөн Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс эхлэн төсвийн хөрөнгөөр IT программ хөгжүүлэхгүйгээр хувийн хэвшлийн программ хангамжийг ашиглах шийдвэр гаргалаа. Төр мэдээллийн сан, аюулгүй байдлыг хариуцаж, хөгжүүлэлтийг хувийн хэвшил хариуцах нөхцөл бүрдсэн байна.
2015 оноос хойш улсын төсвийн болон гадаадын зээл тусламжаар программ хангамж, систем хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулсан ч хүний нөөцийн дутагдал, зардлын өсөлттэй тулгарсан тул хувийн хэвшлийн чадамжид найдахаар болсон гэж мэдээлэв.
Мөн өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчдыг долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэр гарч, 59 агентлаг, яам, төрийн болон нийслэлийн 9 байгууллага, тэдгээрийн харьяа 99 байгууллагын ажилчид энэ зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд төрийн байгууллагууд албан хаагчдын зайнаас ажиллах өдрүүдийг вэб сайт болон цахим хуудсаар нээлттэй мэдээлэх чиглэл өгсөн байна.
Ерөнхий сайдын судалгаагаар төрийн албан хаагчдыг илүү их тайлан, дата нэхэх ачааллаас чөлөөлөх шаардлагатай гэж дүгнэжээ.
