Хаврын тариалалтад зориулан 39.2 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлжээ

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, дутагдлыг нөхөх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг ХХААХҮЯ-наас авч хэрэгжүүлж байна.
2026 оны хаврын тариалалтад нийт 50 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатай бөгөөд үүнээс аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 11.2 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Үлдсэн 12 мянган тонн үрийг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна. Одоогоор 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5250 тонн улаанбуудайн үр импортолжээ.
Мөн “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгохоор төлөвлөсөн байна.
Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд гурван үр импортлогч аж ахуйн нэгжтэй нийлүүлэлтийн гэрээ байгуулж, нийт 3000 тонн үр нийлүүлэхээр ажиллаж байна.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900 сая төгрөгөөр шар, хүрэн манжин, лууван, байцааны үрийг худалдан авч, тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үрийн худалдан авалт зарлагдаж, хаврын тариалалтаас өмнө нийлүүлэхээр бэлтгэж байна.
