Цахилгаан дугуй, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин нэмэгджээ

2026-04-16 13:301min
20260416-133026-file.jpeg
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 2022-2025 онд зургаан дахин өссөн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 2022-2025 онд зургаан дахин нэмэгдсэн байна.

Тухайлбал, 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 хүн гэмтэж бэртжээ.

2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслүүдтэй холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Эдгээр тохиолдлын 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй хүмүүс байсан.

Осол, гэмтэлд өртсөн хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийн байдлаар авч үзвэл, мопедтой зорчигчдын 51.8 хувь нь онхолдож, 37 хувь нь суудлын машинд мөргүүлсэн байна.

Скүүтертэй зорчигчдын 63.6 хувь нь онхолдсон бол 36.3 хувь нь суудлын машинд мөргүүлжээ.

Сурронтой зорчигчдын 66.6 хувь нь онхолдсон, цахилгаан дугуйтай зорчигчдын мөн 66.6 хувь нь онхолдсон байна.

Явган зорчигчдын хувьд 50 хувь нь мопедод, үлдсэн 50 хувь нь сурронд мөргүүлсэн гэмтэлтэй байна.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн 12.5 хувь нь хамгаалах малгай өмссөн бол 87.5 хувь нь өмсөөгүй бөгөөд энэ нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Мөн 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртсөн байна.

Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27 хувь нь толгойн гэмтэл, 25 хувь нь өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь нь шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь нь бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь нь тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь нь хэвлийн гэмтэл, мөн 6.3 хувь нь мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь нь түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байна.