Ц.Идэрбат: ЖДҮ-ийн сангаас зээлийн олголтыг хялбаршуулна

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайд Ц.Идэрбат дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтад оруулах асуудлаар ахицтай шийдвэр гарсныг танилцууллаа.
Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн гурван асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3,400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор 7,000 гаруй тонн түлш нийлүүлсэн байна. Зарим компаниуд бүрэн нийлүүлэлт хийгээгүй тул шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын 2026 оны төсөвт газар тариалангийн салбарт зориулсан 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө олгох зээлийн хэмжээг 200 тэрбум төгрөгт хүргэхээр болсон бөгөөд энэ талаар арилжааны банкуудтай зөвшилцжээ.
Иргэдийн хүсэлтийн дагуу төмсний үрийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Жаргалант суманд ОХУ-аас хоёр сортын төмсний үр авчирсан байна.
Засгийн газраас хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгахын тулд нэр бүхий дөрвөн хүнсний ногооны үрийг нэг тэрбум төгрөгийн төсөвт багтаан худалдан авч орон нутагт тараахаар зохион байгуулж байна. Мөн энэ салбарт ажиллах хүчний хомсдлыг бууруулахын тулд техникжүүлэхэд анхаарч байна.
Цаг уурын урьдчилсан судалгаагаар харьцангуй тогтуун байх төлөвтэй байгаа ч байгалийн хэт халалт, ган гачигт бэлэн байх үүднээс 350 сая төгрөгөөр пуужингийн нөөц бүрдүүлж байна.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гарч, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулж, дараагийн шатанд боловсруулах ажлыг дэмжихээр боллоо. Төрийн албан хаагчдын хувцсыг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгох хугацааг таван жилээс долоон жил болгон сунгах бөгөөд ингэснээр бизнес эрхлэгчдийн сар бүрийн төлөлт багасна. Мөн зээлийн олголтын процессыг хялбаршуулж, илүү ойлгомжтой болгох ажлыг явуулж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт амьдардаг хүн гутал хийхээр хүсэлт гаргасан тохиолдолд Улаанбаатараас баг очиж дөрвөн шат дамжлагаар шалгаруулдаг байсан бол одоо 30 хоногт нээлттэй зарлаж, 15 хоногт шалгаруулж, үлдсэн хугацаанд зээл олгох процесс явагдах юм. Энэ хүрээнд яамны цахим сайтыг мэдээлэл түгээхэд илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна.
