Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх татгалзав

2026-04-15 18:301min
20260415-183027-file.jpeg
“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ. Түүнийг прокурор эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг шаардсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байна.

“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорьсон байна. Түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан юм.

Шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 14-нд уг хүсэлтийг хянан хэлэлцээд хүлээн авахаас татгалзжээ. Учир нь өмгөөлөгч хүсэлттэй холбоотой нотлох баримтыг шүүхэд танилцуулаагүй бөгөөд үндэслэл нь нотлох баримтаар баталгаажсангүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Баяржаргалыг бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.