Хүүхдийн урлан бүтээх төвийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар борлуулах боломж судлагдаж байна

2026-04-15 19:301min
20260415-193033-file.jpeg
Хүүхдийн урлан бүтээх төв нь сурагчдын бүтээлүүдийг дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, олсон орлогоор тоног төхөөрөмж авах төлөвлөгөөтэй байна.

Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг бөгөөд сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг хичээллүүлдэг.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгийн мэдээлснээр, энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2,000 гаруй хүүхэд хамрагдаж өөрсдийгөө хөгжүүлж байгаа аж.

Тус төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан бөгөөд сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг байна. Анхан шатны сургалтаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийх боломжтой.

Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холддог гэжээ.

Тус төвийн багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаанд худалдан авч тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэхээр төлөвлөж байна.

Мөн сурагчдын урласан бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэн, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг худалдан авах боломжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судлахаар болжээ.