Монголын охид Европын математикийн олимпиадад түүхэн амжилт үзүүлэв

2026-04-15 16:301min
20260415-163030-file.jpeg
Францын Бордо хотод болсон Европын охидын XV олимпиадад Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13 дугаар байрт орлоо. Төрмөнхийн Жавхланзаяа хувийн дүнгээр 22 оноо авч дээд амжилт тогтоосон байна.

Францын Бордо хотод энэ сарын 9-нөөс 15-ныг дуустал Европын охидын XV олимпиад зохион байгуулагдсан бөгөөд нийт 67 орны 266 охин оролцсон юм. Монголын баг тус олимпиадад түүхэн амжилт үзүүлжээ.

Тус олимпиад анх 2012 онд Их Британид зохион байгуулагдсан бөгөөд Монголын охид 2018 онд анх оролцож, багийн дүнгээр 15 дугаар байранд орсон нь тухайн үеийн оргил амжилт байв. Түүнээс хойш сүүлийн таван жил дараалан оролцож, хоёр мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.

Энэ жил Монголын баг багийн дүнгээр хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Мөнгөн медаль авсан тамирчдаар Төрмөнхийн Жавхланзаяа (22 оноо, Баянхонгор аймаг, Төгс Алгоритм сургууль) болон Мөнхбаярын Амин-Эрдэнэ (20 оноо, Шинэ-Үе сургууль) нар тодорчээ. Харин хүрэл медаль хүртсэн нь Алтангэрэлийн Ану (16 оноо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 11 дүгээр сургууль) юм.

Тусгай байр эзэлсэн тамирчдаар Наранбаатарын Болор (9 оноо, Эрдмийн хишиг сургууль) тодорсон бөгөөд багийн ахлагчаар МУИС-ийн математикийн тэнхимийн багш Т.Хулан, дэд ахлагчаар С.Цогзолмаа, Б.Батбаясгалан нар ажилласан байна.

Монголын баг нийлбэр дүнгээр 13 дугаар байрт орсон нь өмнө нь үзүүлээгүй өндөр амжилт болжээ. Олимпиад хоёр өдрийн турш явагдсан бөгөөд өдөр бүр гурван бодлого бодох бөгөөд нэг бодлого долоон оноотой байв. Мөнгөн медаль авсан Т.Жавхланзаяа 22 оноо авч, монголчуудын хувийн дүнгээр үзүүлсэн дээд амжилтыг тогтоосон байна.

Монголын Математикийн Олимпиадын Хороо хоёр шатны шалгаруулалтаар шигшээ багийг бүрдүүлж, таван долоо хоногийн турш бэлтгэл хийжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан охид бүгд улсын олимпиадаас медаль хүртсэн байна.

Багийн дүнгээр БНХАУ-ын баг тэргүүлсэн бөгөөд Лоу Хуаи Жин 42 оноогоор бүх бодлогыг бодож, тэргүүлжээ.

Францын багийн Батсайханы Аминаа тусгай байр эзэлсэн бөгөөд Франц улс зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцуулсан юм. Б.Аминаа “B” багаас оролцсон бөгөөд есөн оноо авсан байна.