Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв

2026-04-15 16:001min
20260415-160038-file.jpeg
Засгийн газар эрүүл мэндийн салбарт шинжилгээний хариуг автомат шилжүүлэх, эмч, ажилтнуудын цалинг шатлалтай болгох зэрэг арга хэмжээг танилцууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлснээр, одоогийн байдлаар иргэд анхан шатны эмнэлэгт өгсөн шинжилгээний хариуг дараагийн шатны эмнэлэгт дахин өгөх шаардлага гардаг бөгөөд зарим тохиолдолд нэг иргэн цусны дэлгэрэнгүй шинжилгээг 39 удаа давтан өгсөн тохиолдол ч бий. Цаашид шинжилгээний хариуг автоматаар дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлэх системийг нэвтрүүлж, рентген болон бусад оношилгоог дахин хийх шаардлагагүй болгохоор төлөвлөж байна.

Эмнэлгүүдийн менежментэд ялгаа байгааг онцолж, зарим нь ашигтай ажиллахын зэрэгцээ 20 тэрбум төгрөг хүртэл алдагдалтай ажиллаж буйг дурдав. Энэ нь тухайн эмнэлгийн бүтээмж, менежментийн асуудалтай холбоотой гэж үзэж байна.

Монгол Улсад 39 мянган эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд тэдний цалинг нэг шатлалт болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тооцоог хянаж, хэд хэдэн арга хэмжээ авч болох боломж байгааг илрүүлжээ. Цогц арга хэмжээний үр дүнд хэмнэсэн мөнгөөр эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой гэж үзэж байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмэгдүүлж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна. Цалингийн нэмэгдлийг өмнөх нэмэгдээгүй цалингаас тооцохоор зохицуулжээ.

Мөн лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлж, ингэснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж мэдээлэв.

Эмийн зохицуулалтын талаар АНУ, Герман зэрэг өндөр зохицуулалттай орнуудаас чанартай эм нийлүүлэхэд татвараас эхлээд бүх төрлийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Харин зохицуулалтгүй, хямд чанаргүй эм зардаг газраас эм нийлүүлэхэд ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй. Монголд одоогоор 669 төрлийн эмийг хөнгөлдөг бөгөөд үүнд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүд багтсан тул тэдгээрийг жагсаалтаас хасах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.