Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв

2026-04-15 15:301min
20260415-153019-file.jpeg
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж, төрийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг онцлов. Тэрбээр парламентын ёс зүйгүй гишүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ.

2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд “Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр Монгол морь хэзээ ч эзнээсээ урваж байгаагүй боловч улсын эзэн болох эх орон, ард олноосоо урваж байсан түүх байдаг гэдгийг онцолсон юм. Монгол морьгүйгээр Монголын түүхийг ярих боломжгүйг тэмдэглэв.

Мөн Монголын төр хүчирхэг, сахилга баттай, хариуцлагатай байх ёстой бөгөөд төрийн хүчин чадал нь УИХ-аас эхлэх ёстойг онцоллоо. УИХ хариуцлагатай, ёс зүйтэй, эрхэм хүндэт гишүүдтэй байх шаардлагатайг дурдав.

Парламентад хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс суух ёсгүй бөгөөд ийм хүмүүстэй тэмцэхийн тулд хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг батлах хүртэл хуулийн хүрээнд ажиллах болно гэв. Энэхүү хуулийг ард түмнээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн хэлснээр, парламентын засаглалыг дэмждэг ч салан задгай, хариуцлагагүй хүмүүсээр дүүрсэн парламент төрийг уландаа гишгэж эхэлбэл ард түмэн зүгээр суухгүй гэдгийг онцолсон байна. Тэрбээр эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг бөгөөд ёс зүйгүй төр бол төр биш гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстойг онцолсон юм.