Улаанбаатарт 16 насанд хүрээгүй хүүхдэд скүүтер, мопед унахыг хориглов

Улаанбаатар хотод 2024 оны 4-р сарын 10-наас эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэдийг хөдөлгөөнд оролцуулах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү журамд 16 насанд хүрээгүй хүүхдэд скүүтер, мопед унуулж болохгүй гэж эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулжээ. Хэрэв 16 нас хүрээгүй хүүхэд эдгээр тээврийн хэрэгсэл унавал Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм.
Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн талаар албаныхан мэдээллээ. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй 300 гаруй осол бүртгэгдсэн бөгөөд 2025 онд 2820 хүн цахилгаан моторт дугуй, мопед, скүүтер унаснаас болж гэмтэж бэртсэн байна.
Гэвч 16 насанд хүрээгүй хүүхдэд скүүтер, мопед унуулж болохгүй гэсэн зохицуулалт мөрдөгдөж байгаа ч хяналт сул байгааг иргэд шүүмжилж байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн 11-12 настай хүүхэд хамгаалах хэрэгсэлгүйгээр түрээсийн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцож байгааг онцолж, энэ нь осол гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг анхааруулжээ. Тэрбээр “Насанд хүрээгүй хүүхдэд мопед унуулж болохгүй” гэж үзэж байна.
Судалгаагаар суррон, мопед, скүүтер зэрэг хэрэгсэл унаж осолд өртсөн хүмүүсийн 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.
