Туул экспресс хурдны замын нөлөөллийг дата аналитикийн компани тооцооллоо

Туул голын хойд далан дагуу баригдах “Туул экспресс” хурдны замын ажил эхэлмэгцээ олон нийтийн анхаарлыг татаж, иргэдийн байр суурь хуваагдаж байна. Энэхүү хурдны зам түгжрэлийг бууруулах бодитой шийдэл мөн эсэхийг тодруулах үүднээс “Дата Дэүс” ХХК-ийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулж байна.
“Дата Дэүс” ХХК нь өгөгдлийн шинжилгээ, оновчлол, төслийн загварчлалаар мэргэшсэн дата аналитикийн компани бөгөөд тус судалгаагаар хурдны зам ашиглалтад орсноор хотын түгжрэлд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тооцоолсон байна. Судалгаанд гүүр ашиглалтад орох үед хотын тээврийн хэрэгсэл болон замын ачаалал хэрхэн өөрчлөгдөхийг математик, компьютерын загварчлал ашиглан тооцсон.
Эхлээд зорчих хөдөлгөөний эхлэл ба төгсгөлийн цэгүүдийг тодорхойлж, хоёр цэгийн хоорондох хамгийн дөт замыг компьютерын алгоритмаар тооцсон байна. Жолооч нар хурдны замаар тойрч явахдаа туулах зай нь үндсэн замын зайнаас 6 км-ээс хэтрэхгүй бол хурдны замыг сонгоно гэсэн таамагт үндэслэн замын сонголтыг тооцоолсон.
Симуляцийг бодит байдалтай харьцуулан, замын хөдөлгөөний ухаалаг камерын тоололтоор баталгаажуулжээ. Үүний үр дүнд хурдны зам ашиглалтад орсноор дараах гол замуудын ачаалал буурах тооцоо гарсан байна.
Яармагийн гүүрийн ачаалал 32%, Нарны зам 24%, Энхтайваны өргөн чөлөө 8%, Яармагийн зам 12%, Олимпын гудамж 13%, Наадамчдын өргөн чөлөө 32%, Чингисийн өргөн чөлөө 32%, Их Монгол Улсын гудамж 11%, Нарны гүүр 7% хүртэл тус тус буурах тооцоо гарчээ.
