Хөдөө аж ахуйн салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Хөдөө аж ахуйн салбарт энэ онд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Үүнээс 130 тэрбум төгрөгийг улаан буудай, 70 тэрбум төгрөгийг хүнсний ногоо тариалахад зориулан олгоно. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох юм гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэв.
Сайд Ц.Идэрбат хэлэхдээ, “Би ажлаа аваад найм хонож байна. 200 тэрбум төгрөгийг төрөөс шууд гаргахгүй бөгөөд үүний 15 тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргаж, үлдсэнийг банкуудын эх үүсвэр бүрдүүлнэ” гэжээ. Анх 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байсан ч олон аж ахуйн нэгж зээл авч чадахгүй үлддэг, гомдол гаргадаг тул зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Монгол Улсад 16 мянган хүн хүнсний ногоо тариалдаг бөгөөд бордоо үйлдвэрлэгчдэд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгохоор төлөвлөжээ. Зээлийг нээлттэйгээр олгох бөгөөд Засгийн газрын маргааш болох хуралдаанаар зээлийн шат дамжлагыг бууруулах саналыг оруулна.
Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” аян эхлүүлсэн тул салбар дахь хяналт шалгалт, хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад анхаарна. Тухайлбал, ЖДҮХС-гийн зээлийн хугацааг өөрчилж, эдийн засгийн идэвхжилтэй холбох саналыг маргааш оруулна гэж мэдэгдэв.
УИХ-ын гишүүн М.Мандхай хэлэхдээ, төрөөс хамгийн их татаас авдаг салбар нь хөдөө аж ахуй боловч татаасны үр дүн хангалтгүй байна. Тиймээс татаас бүр үр өгөөжтэй байх ёстой бөгөөд хяналтыг сайтар тавих шаардлагатай гэжээ.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нөөцийн мах худалдах нь буруу арга хэмжээ гэж үзэж, яам нөөцийн мах нийлүүлэхээ больсон нь зөв гэж дүгнэв. Мөн тэрбээр “Энэ жилээс нийслэл нөөцийн махны хариуцлагыг авсан боловч энэ хавар нөөцийн махны үнэ яагаад өсөв” гэж асуусан юм.
