Улаанбаатар хотод өдөрт 37 мянган скүүтер, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд оролцож байна

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600 мянган тээврийн хэрэгсэл, үүнээс 37 мянга нь скүүтер, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн цагдаагийн албанаас скүүтер, дугуй, мопед жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг заавал дагахыг уриалж байна.
Тодруулбал, скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулан ажиллуулах, тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулж, скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэжээ.
Мөн унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх, 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж явган хүний замаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах аж.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр скүүтер, мопедод зориулсан зам муутайгаас явган хүний замаар зорчихгүй гэх баталгаа алга байна гэж албаныхан мэдээллээ.
