Монголын коксжих нүүрсний дээжийг Энэтхэг рүү туршилтаар тээвэрлэнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж болгон туршилтаар тээвэрлэх, нэгдлийн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, ирээдүйд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар санал солилцов.
Мөн Энэтхэгийн талаас Монголоос коксжсон нүүрс импортлох олон жилийн саналын талаар хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтран коксжих нүүрс худалдан авах хүсэлтээ илэрхийлж, тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр төлөвлөжээ.
Сүүлийн жилүүдэд Энэтхэг Улсын Засгийн газар коксжих нүүрсний хэрэгцээгээ хангахын тулд импортоо олон эх үүсвэртэй байлгахад анхаарч байгаа бөгөөд Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгааг удаа дараа илэрхийлсэн байна.
БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь улсынхаа ган үйлдвэрлэлд тэргүүлэгч төрийн өмчит компани юм. Тус компани жилд 17 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог аж.
