“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдаж, “The MongolZ” баг гуравдугаар байр эзэллээ.
Тэмцээний шөвгийн наймд “The MongolZ” баг ОХУ-ын “PARIVISION” багийг 2:1-ээр хожсон ч хагас шигшээд “FUT Esports” багт 0:2-оор ялагдсан байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод “The MongolZ” баг Францын “3DMAX” багийг 2:0-ээр илт давуу ялсан бөгөөд тоглолтын явцад манай багийн тамирчид эсрэг багтаа ердөө долоон үе алдаж, 26 үе авсан байна. Тус тоглолтод Techno буюу М.Содбаяр хамгийн өндөр үзүүлэлттэй тоглосон юм.
“The MongolZ” баг 2026 оны эхнээс өндөр чансаатай таван тэмцээнд оролцож, анх удаа медальт байр эзэлж байна. Тэмцээнд гуравдугаар байр эзэлснээр 150 мянган ам.долларын шагнал хүртэж, дэлхийн чансааны тавд бичигдэж эхэлжээ.
Тэднийг тавдугаар сарын 7-нд Казахстаны Астана хотод болох “PGL Astana 2026” тэмцээн хүлээж байна. Энэхүү тэмцээн нь 1.6 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 16 баг оролцоно. Монгол улсаас “The MongolZ” багийн хамт “Huns Esports” баг ч оролцох юм.
