Барилгын зөвшөөрлийн хугацааг богиносгож, шинэ хуульд салбарын зохицуулалтыг сайжруулна

2026-04-12 13:001min
20260412-130029-file.jpeg
Барилгын салбарт зөвшөөрөл авах хугацааг цахимжуулснаар гурван хоног болгож богиносгож, шинэчилсэн хуульд зөвшөөрлийн тоог бууруулж, салбарын харилцааг нарийвчлан зохицуулах зохицуулалтууд багтжээ.

Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд болж өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд барилгын зөвшөөрөл авах хугацаа мэдэгдэхүйц богиноссон бөгөөд цахим системийн нэвтрүүлснээр зөвшөөрлийг гурван хоногийн дотор авах боломж бүрдсэн байна. Өмнө нь зөвшөөрөл авахад 40-50 хоног шаардлагатай байсан.

Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг давхардуулан авах зохицуулалтыг халж, барилгын ажлыг үргэлжлүүлэх асуудлыг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлжээ. Барилгын магадлалын үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 1-нээс бүрэн цахимжуулах төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь олон шат дамжлагатай цаасан суурьтай процессыг хална гэж үзэж байна.

Шинэчилсэн хуулийн төсөлд барилгын салбарын харилцааг илүү нарийвчлан зохицуулах үүднээс бүлгийн тоог есөөс 14 болгон нэмэгдүүлж, олон улсын стандарт болон шинэ технологийг шууд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх И.Баттөгс хэлэхдээ, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь зөвшөөрлийн олон шат дамжлага, хүнд суртал гэж онцолсон юм. Тиймээс Барилгын тухай хуулийг шинэчлэх хүрээнд зөвшөөрлийн тоог бууруулах, зарим төрлийн зөвшөөрлийг бүрэн чөлөөлөх бодлого баримталж байгаа аж.

Одоогийн мөрдөгдөж буй хууль 2016 онд батлагдсан бөгөөд шинэчилсэн найруулгыг 2026 оны тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна. Зөвшөөрлийн зохицуулалтыг хөнгөвчлөхийн зэрэгцээ барилгын чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын тогтолцоог шинэчилж, зөвлөх үйлчилгээ, даатгал, төрийн хяналтыг уялдуулсан гурвалсан механизмыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд барилгын ажлын байнгын хяналтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гүйцэтгэж, төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалтад шилжих юм.

Иргэдийг хохироосон барилгын захиалгын асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэ хуульд тодорхой заалтуудыг тусгасан байна. Тухайлбал, барилгын компаниуд тухайн төслийнхөө 30 хүртэлх хувийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсний дараа захиалга авах эрхтэй болох зохицуулалтыг оруулжээ.

Мөн өмнө нь гарч байсан залилангийн шинжтэй хэргүүд нь эрх зүйн орчны сул талыг ашигласан явдал бөгөөд шинэ хууль батлагдсанаар ийм төрлийн зөрчлийг хязгаарлах юм. Томоохон төсөл, барилгын материалын үйлдвэрлэлд дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг шинэ хуульд тусгаж, үндэсний компаниудыг дэмжих зохицуулалтуудыг багтаасан байна.