Говийн бүсийн хөгжлийн хүрээнд төмөр зам, агаарын тээврийн бүтээн байгуулалт өрнөж байна

2026-04-12 10:001min
20260412-100029-file.jpeg
Зам, тээврийн яам говийн бүсэд авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийж, нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлжээ.

Зам, тээврийн яам болон тус яамны харьяа Монголын төмөр зам ТӨХК, Иргэний нисэхийн салбарын байгууллагууд авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилготой “Говийн бүсийн хөгжил” сэдэвт өдөрлөгийг гуравдугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зохион байгууллаа.

Монгол Улсын экспортын 90 хувь нь Өмнөговиор, импортын 70-80 хувь нь Дорноговь аймгийн нутгаар дамждаг бөгөөд эдийн засгийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий говийн бүсэд төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт энэ жилээс эхлэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Төмөр замын салбарт Засгийн газраас хил дамнасан төмөр замын холболтыг бий болгож, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа нь Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Мөн говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлж, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгон өргөтгөх ажлыг эхлүүлжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Зам тээврийн яам төмөр замын хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам, Ханги-Мандал чиглэлийн төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын төслүүд багтаж байна.

Энэхүү хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хамгийн томоохон бүтээн байгуулалт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын талтай 2008 оноос эхлэн үе үеийн Засгийн газар хэлэлцсээр, 17 жилийн хугацаанд 60 гаруй удаагийн хэлэлцээ хийсний эцэст улс төрийн саад бэрхшээлийг даван туулж, 2025 оны зургаадугаар сарын 15-нд эхлүүлсэн юм. Одоогоор уг бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн ёсоор 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.