“Miss Universe 2026” тэмцээний бүртгэл эхэллээ

Манай гарагийн хамгийн сайхан бүсгүйг шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Пуэрто Рико улсад зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээн нь насны хязгаарлалтгүй бөгөөд гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан, хүүхэдтэй болон хөл хүнд эмэгтэйчүүд хүртэл оролцох боломжтой цор ганц томоохон тэмцээн юм. Ийм байдлаар оролцогчдын боломжийг өргөжүүлж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зөвхөн гадаад төрхөөр бус амьдралын туршлага, манлайлал, нийгэмд үзүүлэх нөлөөгөөр үнэлэх шинэ хандлагыг дэлхий дахинд бий болгосон.
“Miss Universe” тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд загвар өмсөгч Д.Долгион, мисс Б.Гүнзаяа, Б.Намуунзул, З.Номинзул нар үндэсний ялагчаар шалгарч, дэлхийн 1.5 тэрбум үзэгчийн өмнө эх орноо төлөөлөн оролцсон түүхтэй.
Тэдний амжилтыг ахиулах тав дахь гоо бүсгүйг шалгаруулах “Miss Universe Mongolia 2026” тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн байна. Монгол Улсын иргэн, 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүд өндөр, жин, размер үл харгалзан цахим бүртгэлийн линкээр бүртгүүлэн олон улсын тавцанд өрсөлдөх боломжтой.
Энэ жилийн тэмцээнийг анх удаа нийслэл болон 21 аймгийн форматаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Бүртгэлийн линк: https://forms.gle/cDba8fCS7d4iu8cR6
