Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл хэлэлцэх тов гарлаа

2026-04-11 14:001min
20260411-140026-file.jpeg
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ хэлэлцэхээр товлосон бөгөөд иргэдийн олонх дэмжиж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг төсөлтэй холбогдуулан нэг өдрийн завсарлага авсан бөгөөд уг хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

Ц.Ганзоригийн мэдээлснээр, төрийн тэргүүн баруун таван аймагт ажиллах үеэрээ 7000 орчим иргэнтэй уулзаж, уг хуулийн төслийг танилцуулсан бөгөөд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ч тойрогтоо ажиллаж байжээ. Иргэдийн олонх нь уг хуулийн төслийг батлахыг дэмжсэн бөгөөд энэ нь нийгмийн захиалга гэж тодорхойлсон байна.

Мөн тэрбээр, иргэдийн олонхоор Ерөнхийлөгчийг сонгосон бол намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд намын дарга санал оруулах заалт хуулийн төсөлд орсон ч олон гишүүн үүнийг шүүмжилж байгаа тул хэлэлцэх явцад уг заалтыг хасах боломжтойг онцлов. Энэ эрх нь УИХ-д хамааралтай бөгөөд нам хариуцлагын гадна үлдэх ёсгүй гэсэн үүднээс заалтыг оруулсан гэв.

Монгол Улс парламентын засаглалтай 34 жил болж байгаа ч ёс зүйн асуудлыг парламентаар анх удаа хэлэлцэж байгаа нь дэвшил гэж Ц.Ганзориг тэмдэглэв. Тэрбээр, төрийн тэргүүн өөр аргагүйгээр уг хуулийн төслийг санаачилсан бөгөөд парламентын гишүүд өөрсдөө ийм хуулийг оруулж ирээгүйг тодотгосон байна.

Ерөнхий прокурорын хүсэлтээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль байгаа гэж зарим гишүүд мэдээлж байгаа нь буруу бөгөөд УЕП нь шууд эрхгүй, санал гаргах эрхтэй бөгөөд шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа гэдгийг онцлов.

Үндэсний аюулгүй байдлын ажлын алба нь Ерөнхийлөгчид туслан зааварчлах үүрэгтэй бөгөөд Ц.Ганзориг өөрөө хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажилласан бөгөөд хууль үндэсний аюулгүй байдал, парламентын засаглалтай холбоотой гэж тайлбарлав.