2026 оны эхний улиралд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсжээ

Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд мансууруулах бодистой холбоотой 192 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, 185 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 57.2 хувиар өссөн байна.
Эдгээр гомдол, мэдээлэл, хэрэгт нийт 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хүмүүсийн 3.1 хувь нь 14–18 насны, 31 хувь нь 18–25 насны, 40.9 хувь нь 25–35 насны, 24.3 хувь нь 35-аас дээш насны хүмүүс байна.
Хүйсийн хувьд яллагдагчдын 87.5 хувь нь эрэгтэй, 12.5 хувь нь эмэгтэй бөгөөд 78.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 146 хэрэгт 51-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдлыг судлахад 2021 онд 229 хүн, 2022 онд 237 хүн, 2023 онд 263 хүн, 2024 онд 248 хүн, 2025 онд 320 хүн нийт 1297 хүн шүүхээс ял шийтгүүлсэн байна.
Мөн 2026 оны нэгдүгээр улиралд мансуурах зөрчил 124 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хэргээр буюу 51.2 хувиар өссөн байна. Зөрчилд холбогдсон 83 хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд хүргүүлснээс 46 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Мансуурах зөрчилд холбогдсон хүмүүсийн насны ангилалд 14-17 насны 12, 18-25 насны 24, 26-35 насны 7, 36-аас дээш насны 3 хүн багтаж байна. Хүйсийн хувьд 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байна.
