Баян-Өлгийд дөрвөн ихэр ишиг төрж малчид бэлгэшээв

Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багт залуу малчин Е.Батырханы хотонд дөрвөн ихэр ишиг төржээ. Нутгийн иргэд энэ үйл явдлыг хаврын уян салхи сэвэлзэх энэ цагт малчин түмний “өнтэй зун болох” бэлгэ тэмдэг хэмээн хүлээн авч байна. Дөрвөн ихэр ишиг төрөх нь байгаль дэлхий ивээж, мал сүрэг өсөж үржихийн ерөөл биелж буйг илтгэх бөгөөд энэ жилийн зуншлага элбэг дэлбэг, буян хишиг арвин байхыг зөгнөдөг байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ихэр ишиг төрсөн тохиолдлуудыг дурдвал, 2025 оны хавар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн малчин Н.Отгонзоригийн улаан халзан ямаа 4 дүгээр сарын 1-нд хар халзан зүстэй дөрвөн ихэр ишиг төрүүлсэн байна.
Мөн 2026 оны 4-р сарын 2-нд Завханы Баянтэс сумын Жавхлан багийн малчин Г.Пүрэв-Очирын хотонд дөрвөн ихэр ишиг төрсөн бөгөөд тус суманд ийм тохиолдол өмнө нь байгаагүй тул малчид үүнийг бэлгэшээсэн байна.
