Сүхбаатар дүүрэгт хууль бусаар баригдсан 16 давхар орон сууцны хэрэг шалгагдаж байна

2026-04-11 10:001min
20260411-100021-file.jpeg
Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлага хангахаа больсон цэцэрлэгийн газарт хууль бусаар 16 давхар орон сууц барьж, зарсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахаа больсон улсын цэцэрлэгийн барилгыг 2020 онд нураажээ. Тус газарт цэцэрлэг барихаар тендерт шалгарсан нэр бүхий аж ахуйн нэгж төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөн, барилгын зураг төслийг хууль бусаар өөрчилж, батлагдсан зурагт дахин магадлал хийлгэсэн байна. Үүний үр дүнд 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, 2025 онд ашиглалтад оруулжээ. Төрийн байгууллагууд уг орон сууц, үйлчилгээний талбайг зарсны дараа мэдсэн байна.

Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа бөгөөд орон сууцны 1, 2-р давхарт цэцэрлэг байгуулахаар зураг төслийг өөрчилсөн албан тушаалтан, барилгын компанийн захирал хоорондоо амаар тохиролцсон нь баримт бичигт тусгагдаагүй болох нь тогтоогджээ. Иймд 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих газарт 16 давхар орон сууц барьж, зарсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 18.6-р зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.