“Улаанбаатар марафон” гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж, гараа 2024 оны тавдугаар сарын 23-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. Марафон зохион байгуулагдах өдөр хотын төвөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгодог.
Гүйлтийн бүртгэл www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар 2024 оны тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл явагдаж байна.
Гүйлтийг таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зай болох 1.5 км-т гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж нь гэр бүлийн гишүүн бүрт 5,000 төгрөг байна.
Эрүүл мэндийн гүйлт 5 км зайд 12-17 нас, 18 ба түүнээс дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 10,000 төгрөг байна. 10 км зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд хураамж 50,000 төгрөг юм.
Хагас марафон буюу 21 км зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж 70,000 төгрөг.
Бүтэн марафон буюу 42 км зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 90,000 төгрөг байна.
Тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөргүй оролцоно.
Бүртгэлийн хураамж төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах боломжгүй юм.
1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг 2024 оны тавдугаар сарын 1-15-ны хооронд 09:00-17:00 цагийн хооронд дараах байршлуудад олгоно: Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс.
