Нийслэлд газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа ирэх тавдугаар сард болно

Нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Дуудлага худалдаагаар зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 байршлын газрыг санал болгоно. Эдгээр газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мод үржүүлэг, худалдаа үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, холбоо болон мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц, оффис зэрэг зориулалтаар ашиглах боломжтой юм.
Иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар оролцож, нээлттэй өрсөлдөөний зарчмаар газар эзэмших, ашиглах эрх авах боломжтой.
Мод үржүүлгийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0.7 га газар дуудлага худалдаанд орно.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян-Өндөр орчим 0.6 га, Ар гүнт орчим 1.5 га, Халзангийн ам орчим 4.7 га, 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га, мөн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га газар санал болгож байна.
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм 0.24 га, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшлын бүс орчим 0.8 га газар багтжээ.
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад зориулалтаар Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га газар байна.
Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га газар дуудлага худалдаанд орно.
Бүх төрлийн оффис, албан конторын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га газар санал болгож байна.
Амралтын газрын зориулалтаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлаг орчим 1.5 га газар дуудлага худалдаанд орох юм гэж Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.
