УИХ-ын чуулганаар гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалт болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган эхэлмэгц гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэхийг тодорхойлох санал хураалт явагдана. Өчигдөр ирц бүртгүүлээд гарсан гишүүдийн саналгүйгээр хуулийн төсөл унах эрсдэл үүссэн тул санал хураалтыг өнөөдөр хийхээр хойшлуулжээ. Хуралдаанд суулгүй гарсан гишүүдийг дэмжээгүй гэж тооцно. Өнөөдөр чуулганы ирц болон гишүүдийн дэмжлэгийг ажиглах юм.
Хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна:
1. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн), анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут.
2. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн), эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут.
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай (УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн), хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут.
4. Төрийн нууцын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн), хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут.
5. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн), хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут.
Мөн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл (УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн) хэлэлцүүлэг үргэлжилнэ.
