Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах журам шинэчлэгдлээ
2026-04-10 10:301min

Нийслэлд скүүтер, мопед, цахилгаан дугуйг 4-р сарын 10-ны дараа замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн бөгөөд унах насны доод хязгаарыг 18 нас болгож, мотоциклийн ангилалд хамааруулжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу скүүтер, мопед, цахилгаан дугуйг 4 дүгээр сарын 10 хүртэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн дээрх тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэллээ.
Мөн эдгээр тээврийн хэрэгслүүдтэй холбоотой зам, тээврийн осол ихээр гардаг тул суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтоож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан байна.
Ингэснээр насанд хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, улсын бүртгэлийн дугаартай, хоёр талдаа тольтой, хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч нар скүүтер, суррон, мопед зэрэг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байна.
