Ч.Лодойсамбуу: Парламентын гишүүдийг хөөх хууль хэлэлцэх нь зохимжгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэв. Гишүүдийн ихэнх нь уг төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлэхдээ, “Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Монголын парламентын уламжлал, Үндсэн хуулийн зарчмыг иш татан, УИХ бол ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага бөгөөд төрийн эрхийг ард иргэдийн итгэлээр дамжуулан хэрэгжүүлдэг болохыг онцлов.
Ч.Лодойсамбуу гишүүн хэлэхдээ, “Парламентын гишүүд зөвхөн одоогийн дөрвөн жилийг бодож ажиллах бус, дараагийн парламентын гишүүдэд бүрэн бүтэн засаглал, Үндсэн хуулийг хүлээлгэж өгөх үүрэгтэй” гэж тэмдэглэв.
Тэрбээр мөн авлига, хулгайтай холбоотой асуудлыг хөндөж, одоогийн хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг онцлон, шинэ хууль батлах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
“Хэдхэн хүнийг парламентын танхимаас хөөж гаргахын тулд хууль батлах гэж байгаа нь зохимжгүй бөгөөд энэ нь улс төрийн зодоон болж хувирч байна” гэж тэрбээр дүгнэв. Мөн энэ асуудал нь Монгол Улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан юм.
