Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 хүний эрхийг 2-3 жилээр хасчээ

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээлснээр, 2024 оноос эхлэн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон байна.
Тээврийн прокурорын газраас 2024 онд 385, 2025 онд 675, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнийг холбогдуулан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 134 хүний нас, хүйсийн байдлаар авч үзвэл 17 насны хүн 0.7 хувь, 18-30 насны хүн 35.1 хувь, 31-44 насны хүн 43.3 хувь, 45-аас дээш настай хүн 20.9 хувийг эзэлж, 87.3 хувь нь эрэгтэй байна.
Боловсролын хувьд дээд болон бүрэн дунд, тусгай дунд боловсролтой хүмүүс зонхилон холбогджээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээгээр 10 хүнд хорих ял, 80 хүнд торгуулийн ял, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 25 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 22 хүнд 1-2 жил, 71 хүнд 2-3 жил, 39 хүнд 3 жил, 2 хүнд 5 жилээс дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.
Тээврийн прокурорын газар иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж байна.
