Хүний хөгжлийн байнгын хороо сургуулийн орчны эрүүл мэндийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Салбарын сайд Э.Бат-Амгалан Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцын есдүгээр зүйлд заасны дагуу дэлхийн томоохон хотуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлын аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, харгалзах хүнгүй хотын хөдөлгөөнд оролцох, олон улсын стандартыг мөрдөхөд анхаарч ажиллаж байгааг мэдээллээ.
Мөн “Төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлөх, хөлслүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байсан 5 хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
