Туулын хурдны замын төслийг байгаль орчны хуульд нийцүүлэн түр хугацаанд зогсоолоо

2026-04-08 11:301min
20260408-113024-file.jpeg
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туулын хурдны замын төслийг байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн тул түр хугацаанд зогсоож, холбогдох арга хэмжээг авч байгааг мэдээллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлэн түр хугацаанд зогсоосныг мэдээллээ.

Салбарын сайд Ц.Сандаг-Очир нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатайг онцлов.

Яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалтын асуудлуудад анхаарахыг санууллаа.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг мэдэгдэв.

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул төслийг УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан болохыг танилцууллаа.

Туулын хурдны зам нь Туул голын дагуу 32 км урт, 6 эгнээ авто зам барих бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 15 хороог хамарна.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль журмын дагуу батлуулсан бөгөөд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгаа хийх зөвлөмж өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч байгааг мэдэгдэв.

Үүнд, төслийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, менежментийн төлөвлөгөөг батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээ багтаж байна.

Мөн төслийн хэрэгжүүлэгчид холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудал илэрсэн тул Байгаль орчны улсын хяналтын газарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу арга хэмжээ авах үүрэг өгсөн байна.