Б.Насантогтохын авлигын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ

2026-04-08 12:301min
20260408-123024-file.jpeg
Авлигатай тэмцэх газар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон байна. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Түүний хөрөнгө, орлого нь 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллароор нэмэгдсэн ч хууль ёсны тайлбар өгөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон байна. Мөн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсан байна. Санхүүгийн мөрдөгчийн магадалгаа ч хийжээ.