“Севеникс виз консултинг” ХХК-ийн захирал Л.Э-д 10 жил хорих ял авлаа

“Севеникс виз консултинг” ХХК-ийн захирал Л.Э нь Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман зэрэг улсуудын аяллын болон ажлын виз гаргаж өгнө хэмээн нэр бүхий 491 иргэнд гэрээ байгуулан нийт 3.6 тэрбум төгрөг залилж авсан хэрэгт холбогджээ.
Цагдаагийн байгууллага Л.Э-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар Л.Э-г гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оноосон байна.
Мөн уг гэмт хэргийн улмаас 491 иргэнд учирсан 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ.
